"GAP" гэж юу вэ?
Форекс зах зээл дээрх үнийн зөрүү буюу "GAP" нь ханшийн үнэ өмнөх хаалтын үнээсээ мэдэгдэхүйц өөр түвшинд дахин нээгдэхийг хэлнэ. Энэ нь ихэвчлэн зах зээл хаалттай байх үед гарсан томоохон мэдээ, эдийн засгийн үзүүлэлтүүд, улс төрийн үйл явдлууд зэрэг гэнэтийн мэдээллээс үүдэлтэй байдаг.
Зах зээл дэх "Gap" төрлүүд ба үүсэх шалтгаанууд
Форекс арилжаанд оролцогчид дараах хэд хэдэн төрлийн "Gap" -тай тулгардаг.
1. Зах зээл нээгдэх үеийн "Gap" (Market Opening Gap):
Форекс зах зээл амралтын өдрүүдээр (бямба, ням гарагт) хаалттай байдаг. Энэ хугацаанд дэлхий даяар олон чухал үйл явдал, мэдээ мэдээлэл гарч болдог. Зах зээл даваа гарагт дахин нээгдэх үед:
Үнэ өмнөх баасан гарагийн хаалтын үнээс мэдэгдэхүйц өндөр эсвэл бага түвшинд шууд нээгддэг.
Энэ хоёр цэгийн хооронд ямар ч арилжаа хийгдээгүй байдаг тул график дээр "GAP" үүсдэг.
Энэ төрлийн "GAP" нь эрэлт, нийлүүлэлтийн огцом зөрүү, улс төрийн гэнэтийн мэдэгдэл, эсвэл эдийн засгийн ноцтой үзүүлэлтүүдээс үүдэлтэй байх нь түгээмэл.
Өндөр хэмжээтэй арилжааны "GAP" (High Volume Gap):
Энэ төрлийн "GAP" нь зах зээлд арилжааны хэмжээ огцом өсөх үед үүсдэг бөгөөд энэ нь зах зээлд хүчтэй хандлага, их хэмжээний захиалга хийгдэж буйг илтгэнэ.
Энэ "GAP" нь ихэнх тохиолдолд олон тооны арилжаачид тухайн чиглэлд идэвхтэй арилжаанд оролцож буй илэрхийлэл бөгөөд бусад "GAP"-аас ялгаатай нь түргэн нөхөгдөх магадлал багатай. Учир нь хүчтэй импульс хөдөлгөөн нь зах зээлийг "GAP" үүссэн чиглэл рүү үргэлжлүүлэн түлхэх хандлагатай байдаг.
Мөн энэ "GAP" нь ихэвчлэн зах зээлд өндөр нөлөө үзүүлэгч мэдээ гарах үед тохиолддог. Зах зээлд нөлөөлөхүйц томоохон мэдээ (жишээ нь, төв банкны хүүгийн шийдвэр, ажилгүйдлийн түвшин, улс төрийн мэдэгдэл) цацагдах үед:
Ханш огцом хөдөлдөг
Үүнтэй зэрэгцэн арилжааны хэмжээ эрс нэмэгддэг.
Арилжааны идэвхтэй байдал болон зах зээл шинэ мэдээлэл гарсны үр дүнд өндөр хэмжээтэй "GAP" үүсэх нөхцөл бүрддэг.
"GAP" нь проп арилжаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
"GAP" нь проп арилжааны стратеги, гүйцэтгэлд дараах байдлаар нөлөөлдөг:
SL/TP (Stop Loss / Take Profit) захиалга "GAP" үүсэх үед хүссэн үнээр биелэхгүй байх магадлалтай байдаг. Энэ нь Stop Loss давж биелэн алдагдал нэмэгдэх эсвэл таны өдөрт болон нийт алдаж болох хэмжээг хэтрэх эрсдэлийг бий болгодог.
Limit/Stop Orders "GAP" үүссэн үед огт биелэхгүй эсвэл хүссэн үнийн түвшнээс өөр үнээр биелэх тохиолдол бий.
Арилжаа түр хугацаанд хийгдэх боломжгүй болж, төлөвлөж байсан арилжаандаа орж чадахгүй хоцрох эрсдэлтэй.